Уйтгартай,,,

Яагаад ч юм дэндүү уйтгартай, ганцаардал гэж энийг л хэлэх байх. Хажууд минь хэн ч байхгүй юм шиг, эсвэл хэн ч байгаагүй юм шиг, үгүй ээ хэн ч ирээдүйд байхгүй мэт,,, Нэг тийм үзэн ядмаар, дахиж мэдрэмээргүй хатуу мэдрэмж.

Гэхдээ энэ бүхэн цаг зуурын л зүйл гэдгийг би маш сайн мэднэ. Зарим хүмүүст хүсээд ч олдохгүй хэтэрхий төгс гэмээр хувь заяанд төрчихөөд ийм ч юм яриад сууж байх ч гэж дээ гэж өөрийгөө тайтгаруулах гэж оролдовч, бодохнээ хүн гэдэг байгаадаа хэзээ ч сэтгэл ханадаггүй, мунхаг амьтан юм.

Бүтэн нэг өдөр тавилга, эд хогшилноос өөр зүйлгүй дөрвөн хананы дунд ганцаараа суухад л толгойд элдэв янзын эсэн шидийн бодлууд эргэлдээстэй. Эхлээд бодохоос өөр аргагүй асуудлуудынхаа тухай бодож, заримд нь байж болох олон гарц олж, үр дүнтэй байх ч сүүлд нь бодохыг хэзээ ч хүсдэггүй, хүсэх ч үгүй тийм асуудлуудынхаа тухай бодоод эхлэх юм. Мэдээж энэ бол хэн нэгнийг санаж санагалзсан шал утгагүй, шал тэнэг бодол. Нэгэнт өнгөрсөн дурсамжуудаа дахин дахин дэс дарааллуулан нүдэндээ буулгаад өнгөрөх хэдий ч, яг энэ үед түүнд л гэж хадгалсан, өөрөөсөө ч харамласан сэтгэлийнхээ тэр нэг жижигхэн, үнэндээ хэмжээг нь ч мэдэхгүй орон зай одоог хүртэл эзэнгүй байгааг мэдрэнэ. Тэгээд хямрана, санана, түүнийг хайна. Гэвч тэр байхгүй. Хайгаад ч олдохгүй байх. Үнэндээ хайхаас ч залхаж байна.

Хүний зан аашийг олно гэдэг бүхэл бүтэн урлаг ч юм шиг,,, Урлаг байхаас ч аргагүй юм. Өөрөөсөө өөр бүхэл бүтэн нэг биш нэлээн хэдэн хүний дотоод ертөнцийг урьдаас мэдэж, тааж, тэгээд санаа бодлыг нь эргүүлж, урхидаж, унагана гэдэг. Харин мань мэт бол цэвэр мэдрэмжиндээ л хөтлөгддөг амьтан. Тэгээд хэлчихвэл, тийм үйлдэл гаргачихвал, тэгээд биччихвэл яах бол, ерөөсөө л тэгчихье гээд есөн шидийн юм болж болж болж нэг юмны ард гардаг. Ёстой л сохор аз нь байвал амжилттай бууддаг, байхгүй бол хий бууддаг. Хий буудахдаа зүгээр ч нэг өнгөрчихгүй, эсрэгээрээ өөрлүүгээ буудцан байх жишээтэй. Буудуулсан хүн яахийн? Шархдна, өвднө, арай ч үхчихгүй байгаа юмаа.

Тийчилж тийчилж нэг юм унтчихаад, өглөө нь сэрэхдээ цоо шинэ хүн болж сэрэх нь хамгийн гоё. Яагаад гэвэл өнөөдөр миний амралтын өдөр байсан болохоор тэр, дахиж ингэж ганцаардах үе хэсэгтээ л тохиохгүй. Ажил, ажил, бас дахин ажил. Дэндүү хариуцлагатай юм болохоороо галзуурч, бачуурч, яарч, сандарч гүйсээр байгаад л өдрийг өнгөрөөчихдөг. Энэ үед цаг гэдэг харвасан сумнаас ч хурдан өнгөрч, бурхнаас ядаж нэг минут хайрлаач гэж гуйх үе гардаг ч, өнөөдөр бурхааан та миний цагийг хурдан өнгөрөөгөөд, хурдхан маргааштай минь золгуулаач гэж гуймаар санагдаад байна. Цаг хугацааны машин байдагсан бол мөн гоё оо тээ?






Зүгээр л нэг аялгуу хэрнээ сонсох бүрт амьдралын минь аз жаргалтай нэгээхэн үед эргүүлэн аваачдаг болохоор, хэдэн мянган удаа ч хамаагүй цаг хугацааг огоорон сонсоод л баймаар,,, Сонсох бүртээ санаа алдаж, сэтгэлд минь уйтгар амтагддаг ч, дахиж хэзээ ч ирэхгүй тэр л мөчүүдийг нэхэн дурсах нь аз жаргал ч юм шиг.

Үнэндээ миний дурласан тэр хүн л надад энэ аяыг сонсгож, сонсон суухдаа "БИ" хайр дурлалдаа мансууран явсан болохоор үгээр хэлж боломгүй сайхан мэдрэмжүүд, энэ аялгуутай хамт зүрх сэтгэлд минь тамгалагдан үлдсэн биз ээ.

Хөгжим тоглуулагчаараа өдөр шөнөгүй хаана ч явсан сонсдог байсан ч, өнөөдрийг хүртэл нэрийг нь мэддэггүй байжээ. Санаандгүй байдлаар тоглуулагчин дээрх бүх дуунууд маань устахад, тэр хүн ч гэсэн миний амьдралаас хамтдаа явсан юм байна. Гэхдээ л энэ аяыг би зүрх сэтгэлдээ мэдэрч, сонссоор ,,,

Саяхан "Ютүб"-ээр сэтгэлээ сэргээх санаатай дэлхийн шилдэг аяз, дуунуудыг ээлж дараалуулан сонсож суутал танил аялгуу чихэнд минь сонстох нь тэр. Дөнгөж эхлэхэд нь л миний хоёр нүдийг нулимс бүрхэж, мартаж ядан байсан сэтгэлийн минь орон зайг эргээд тэр хүн дүүргэчихлээ.

Одоо би энэ аялгууны нэрийг мэддэг болсон, хэзээ ч мартахгүй. Түүнтэй хамт байсан дурсамжуудаа үүрд зүрх сэтгэлдээ үлдээх болно.

Нэг ийм үг байдаг шдээ. "Мартах гээд хүчлэх хэрэггүй, магадгүй тэр хүн чиний сэтгэлд байх ёстой болоод л байгаа байх" гэж.

2012-02-16

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Эзэнгүй блог | Bloggerized by Эзэнгүй блог - Эзэнгүй блог | Эзэнгүй блог